Wednesday, October 2, 2013
Apple дэлхийн топ брэнд боллоо
Америкийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Apple корпораци 2013 оны дэлхийн топ брэндээр шалгарчээ. Ийнхүү дэлхийн шилдэг брэндийн жагсаалтыг 13 жил тэргүүлсэн Coca-Cola брэнд Apple-д зайгаа тавьж өгсөн байна. Мөн Interbrand-ээс нэрлэсэн дэлхийн шилдэг брэндийн эхний 10-т технологийн салбараас Google, IBM, Microsoft, Samsung, Intel брэндүүд багтжээ.Interbrand нь жил бүр компаниудыг хэрэглэгчдэд үзүүлж буй нөлөө, нэр хүнд, санхүүгийн үзүүлэлт гэх мэтийг харгалзан дэлхийн шилдэг брэндээр тодруулдаг юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Apple корпорацийн хөрөнгө өнгөрсөн 2012 оноос 28 хувиар нэмэгдэж, 98.3 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнд iPhone ухаалаг утасны борлуулалт ихээр нөлөөлөлсөн аж. Түүнчлэн Apple энэ жилд гол өрсөлдөгч Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийг борлуулсан ухаалаг утасны тоогоороо тэргүүлсэн амжилт үзүүлсэн ба шинээр гаргасан iPhone 5S болон iPhone 5C ухаалаг утас эхний долоо хоногтоо есөн сая хувь борлогдсон юм.
Дэлхийн шилдэг брэндийн тэргүүлэх байраа алдаж, дэд байранд бичигдсэн Coca-Cola-гийн хувьд өнгөрсөн жилд ердөө 2 хувийн өсөлттэй байсан ба хөрөнгийн хэмжээ нь 79.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин хамгийн өргөн хүрээг хамарсан Facebook сайт өнгөрсөн санхүүгийн жилд 43 хувиар хөрөнгөө нэмэгдүүлсэн боловч жагсаалтын 52-т бичигдсэн бол Amazon 19-р байранд эрэмбэлэгдэжээ .